Эх өгүүлэл · 1 / 8

Монгол орны рашааны судалгааны тойм — хуудас 1
Хуудасны текст

МОНГОЛ ОРНЫ РАШААНЫ СУДАЛГААНЫ ТОЙМ Ч.Жавзан1, Н.Тэгшбаяр1 1“Усны судалгаа, үнэлгээний хүрээлэн” НҮТББ Хураангуй: Монголын рашааны найрлага шинж чанарыг шинжлэх ухааны үүднээс судлахад Оросын эрдэмтэд, геологичид, химичид чухал үүрэг гүйцэтгэжээ. Тухайлбал 1926 онд В.А.Смирнов Төв болон Дорнод Монголын нутгаар явж нилээд алдартай гэсэн 16 рашааныг судалж, судалгааны үр дүнг 1932 онд хэвлүүлсэн байдаг [1]. Энэ үеэс эхлэн рашааны шинж чанар, гарал үүсэл хийгээд нөөц ундаргын талаар гадаад, дотоодын олон эрдэмтэн судлаачид судалсаар иржээ. Үндэсний мэргэжилтнүүдээс О.Намнандорж, Ш.Цэрэн, Ө.Нямдорж нар 1958-1960 оны хооронд Монгол орны нийт нутгаар явж 230 гаруй рашааныг судалж, үр дүнгээрээ "Монгол улсын рашаан" номыг 1966 онд гаргасан [2] ба түүнээс хойш 50 жилийн дараа 2009 онд БОАЖЯ-наас санаачлан "Монгол орны рашааны тооллого, паспортжуулалтын ажил”-ын хүрээнд бүх аймгийг хамарсан 191 рашааны судалгааг хийсэн [3]. Манай орны рашааны судалгааг хийсэн үе үеийн эрдэмтэн судлаачдын бүтээлүүдийг эмхэтгэн, өөрсдийн судалгааны үр дүнгээр баяжуулан ард түмэн маань рашаан хэмээн хүртдэг 386 рашаан, рашаан төст булгийг нэгтгэн “Монгол орны рашаан” бүтээлийг бид гаргаад байна [4]. Энэхүү өгүүлэлдээ бид дээрх рашааны шинж чанарыг тоймлон оруулсан болно. Түлхүүр үг: рашаан, ууссан эрдэс, температур, нүүрсхүчлийн хий, бальнеологи Оршил Манай ард түмэн эрт цагаас эхлэн рашааныг шинжин, анагаах чанарыг ашиглаж рашаанд орох, уух, боргионд цохиулах, шавших, угаах, түрхэх, рашаанд халсан чулуугаар жигнэх, шавраар шавах зэргээр элдэв өвчин эмгэгээ эмнэн сувилж анагаасаар ирсэн баялаг түүхтэй билээ. Рашаан нь хоол боловсруулах эрхтэн төдийгүй зүрх судас, сэтгэл мэдрэл, үе мөч гээд бүх л эрхтэн тогтолцооны үйл ажиллагаанд нөлөөлөх олон талын ач холбогдолтой. Рашаан нь жирийн уснаас ялгаатай бөгөөд биологийн идэвхит бүрдэлүүдийн агуулга, ионы, давсны болон хийн найрлагын цогц хэлбэрээрээ хүний бие махбодид эмчилгээний идэвх үзүүлдэг байгалийн ус юм. Усанд ууссан элементүүдийн агууламж нь хүний бие махбодь, аль нэг эрхтэнд зохистой нөлөөлж чадахуйц онцгой чанар, найрлагатай байгалийн усыг “Рашаан” гэх бөгөөд гарал үүслээрээ газрын доорх усны бүлэгт багтдаг. Эмчилгээний рашааны найрлагад байвал зохих эрдэс бодисын хамгийн дээд хэмжээг заасан төгс хязгаар одоо болтол байхгүй гэж үзэж болно. Байгалийн рашааныг ууссан эрдсийнх нь хэмжээгээр үнэлэхээс гадна температур, бальнеологийн үнэт хийтэй эсэхээр нь мөн устөрөгчийн ионы концентрациар нь тус тус ангилдаг. Монгол оронд халуун хүйтэн рашааны дэргэдээс хуучин, шинэ үеийн чулуун зэвсэг, хүрэл зэвсэг, дөрвөлжин булш олдсон баримт олон газарт байдаг нь Азид оршин сууж байсан эртний олон овог аймгийн хүмүүс рашаан ус ашиглаж байсны баримт болно. Энэ талаарх олон баримт сэлт болон манай орны рашааны судлагдсан байдал, ангилал зүй, манай орны хаагуур ямар рашаан тархсан талаарх мэдээллийг нэгтгэн “ Монгол орны

Эх өгүүлэл · 2 / 8

Монгол орны рашааны судалгааны тойм — хуудас 2
Хуудасны текст

рашаан” номонд тодорхой бичсэн болно. Энэхүү бүтээлд орсон рашааны товч мэдээллийг дараах хүснэгтэд үзүүлэв. Хүснэгт 1. Монгол орны рашаан номонд орсон аймгуудын рашаан д/д Аймгийн нэр Рашааны тоо Халуун рашаан СО2-тэй Радонтой Онцлох рашаан 1 Архангай 38 7 - 3 /Булган уул/ Хадат 2 Баян-Өлгий 12 3 - - Чихэртэй 3 Баянхонгор 15 7 - - Шаргалжуут 4 Булган 28 1 - - Хульж 5 Говь-Алтай 6 - - - Хүнхэр зуслан 6 Говьсүмбэр 3 - - - Цоорхой 7 Дорноговь 8 - Ихэнх нь 1 Халзан-Уул 8 Дорнод 25 - Ихэнх нь СО2-тэй, эрдэслэг Утаат Минчүүр 9 Дундговь 13 - Ихэнх нь СО2-тэй, эрдэслэг Тогоо 10 Завхан 18 6 - - Отгонтэнгэр 11 Орхон 3 - - - Баян-Өндөр 12 Өвөрхангай 25 7 - - Хужирт 13 Өмнөговь 5 - - - Хадат 14 Сүхбаатар 14 - Ихэнх нь - Тал булаг 15 Сэлэнгэ 30 1 - - Ерөө 16 Төв 61 1 3 - Жанчивлан 17 Увс 12 - - - Хар Тэрмэс 18 Улаанбаатар 5 - 1 - Оргил 19 Ховд 6 1 - - Улаан богоч 20 Хөвсгөл 25 5 - - Булнай 21 Хэнтий 34 1 Ихэнх нь - Онон Судалгааны материал, арга зүй Рашааныг эрт дээр үеэс эмчилгээний зориулалтаар хэрэглэж  ирсэн боловч одоог хүртэл нэг мөр болгож хэвшсэн ангилалт гараагүй байна. 1960-аад оны үед О.Намнандорж, Ш.Цэрэн, Ө.Нямдорж нар Монгол орныг хамарсан рашааны судалгааг хийж, рашааны химийн найрлага, эрдэсжилт, температур, цацраг идэвхт чанар, найрлаганд нь оролцсон биоидэвхт элемент, хүчиллэг   шүлтлэг чанар, ууссан буюу холилдон орших хий зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр нь рашааныг ангилсан байдаг [2]. Энэхүү ангилал болон Оросын эрдэмтдийн ангилал түүнчлэн 1970-аад оны үед зохиогдсон “Усыг нэгдмэлээр ашиглах хамгаалах Ерөнхий схем” [5]-д үзүүлсэн ангилал зэргийг харгалзан бид рашааны голлох үзүүлэлтүүдийг дараах байдлаар ангилсан . Үүнд: Хүснэгт 2. Байгалийн усны температурын ангилал [4] Т°С Рашааны төрөл Т°С Рашааны төрөл 0.0-4.0 Хэт түйтэн 20.1-30.0 Бүлээвтэр 4.1-10.0 Хүйтэн 30.1-40.0 Бүлээн 10.1-20.0 хүйтэвтэр 40.1-60 Халуун Т°С >60.1 бол Хэт халуун гэж температураар 7 ангилсан Хүснэгт 3. Байгалийн усны эрдэсжилт, хатуулгийн ангилал [6] № Эрдэсжилтийн Хатуулгийн зэрэг г/л зэрэг мг-экв/л 1 Нэн цэнгэг <0.20 Маш зөөлөн <1.50 2 Цэнгэг 0.21-0.50 Зөөлөн 1.51-3.00 3 Цэнгэгдүү 0.51-1.00 Зөөлөвтөр 3.01-5.00 4 Давсархаг 1.01-3.00 Хатуувтар 5.01-7.00 5 Давстай 3.01-7.00 Хатуу 7.01-9.00 6 Шорвог >7.01 Маш хатуу >9.01

Эх өгүүлэл · 3 / 8

Монгол орны рашааны судалгааны тойм — хуудас 3
Хуудасны текст

Хүснэгт 4. Байгалийн усны рН-ийн ангилал [6] рН Ангилал рН Ангилал <3.5 Хүчтэй хүчиллэг 6.9-7.2 Саармаг 3.6-5.5 Хүчиллэг 7.3-8.5 Сул шүлтлэг 5.6-6.8 Сул хүчиллэг 8.6-10.0 Шүлтлэг рН>10.1 бол Хүчтэй шүлтлэг гэж рН-аар 7 ангилсан Найрлагын хувьд: Усыг химийн найрлагаар нь нэрлэхдээ нэгдүгээр зонхилогч анионоор бусдыг дараалуулан катионоор дуусгана. Үүнийг Алекины индекс гэж нэрлэж хэвшсэн байдаг. Жишээлбэл: SNa- байвал сульфатын ангийн, натрийн бүлгийн ус буюу нэгдүгээр зонхилогч нь анионуудаас сульфат, катионуудаас натри, СCl Ca- гидрокарбонат-хлорын ангийн, кальцийн бүлгийн ус зонхилсон байх жишээтэй. Байгалийн ус ба рашааныг гүйцэт үнэлж, түүний хэрэгцээг тодорхойлохын тулд үндсэн үзүүлэлтүүдийг хураангуйлан тэмдэглэж, хооронд нь харьцуулахад хялбар болгон гидрогеологичид, гидрохимичид, бальнеологид М.Г.Курловын томъёог хэрэглэдэг. Энэ томъёонд эхлээд биоидэвхит бүрэлдэхүүн, эрдэсжилтийг тус тус г/л-ээр илэрхийлж бичнэ. Дараа нь зураасны дээд талд зонхилох анионуудыг, зураасны доод талд катионуудыг экв%-оор илэрхийлж ихээс нь бага руу нь дараалуулж бичдэг. Эцэст нь температур, рН, нөөц, цацраг идэвхийг хураангуйлан бичнэ. Тухайлбал, Халзан-Уулын рашааны шинж чанарыг Курловын томъёогоор илэрхийлбэл: CO1.3 2 M 8.4 Cl- 50 HCO3 - 42 SO4 2- 8 ( Na+ + K+ )85 Ca2+ 11 Mg2+ 4 H 2 SiO 3 - 0.8 pH 6.6 T ° 12-14.8 Улаанбаатарын рашаан: CO1.8 2 M 0.7 F e0.03 HCO3 - 97 Ca2+ 58 Mg2+ 16 ( Na+ + K + )25 T ° 5.0 pH 5.8 Зураг 1. Байгалийн усны химийн найрлагын ангилал Рашааныг зонхилох хийгээр нь нүүрсхүчлийн, азотын, хүхэрт устөрөгчийн, азот ба нүүрсхүчлийн, нүүрсхүчлийн ба метаны хийтэй гэж ангилж болно.   Гэхдээ энэ хийнүүд нь ууссан ба холилдон орших бүх хийн эзлэхүүний 10%-аас доошгүйг эзэлсэн байвал зохино. Олон улсын тогтоосон хэмжээгээр 250 мг/л-ээс их нүүрсхүчлийн хий бүхий усыг нүүрсхүчлийн хийтэй, 10 мг/л-ээс доошгүй хүхэрт устөрөгч бүхий рашааныг эмнэлэгийн

Эх өгүүлэл · 4 / 8

Монгол орны рашааны судалгааны тойм — хуудас 4
Хуудасны текст

чанартай рашааны ангид тус тус оруулдаг. “Усны нөөцийг нэгдмэлээр ашиглах ба хамгаалах ерөнхий схем”-д рашааныг ууссан хийгээр нь сул хийтэй, дунд зэргийн хийтэй, их хийтэй гэж хийн орцын хэмжээгээр ангилсан байна. ОХУ-ын эрдэмтэн В.В.Иванов, Г.А.Невраев нар 1964 онд “Рашааныг үнэлэх үндсэн шалгуур” гаргахдаа рашааныг нүүрсхүчлийн хийн агууламжаар дараах байдлаар ангилжээ [7]. Үүнд: 1.  Сул нүүрсхүчлийн ус (0.25-1.4 г/л) 2.  Дунд зэргийн нүүрсхүчлийн ус (1.4-2.5 г/л) 3.  Нүүрсхүчлийн хий ихтэй ус (>2.5 г/л) Рашааны найрлаганд дээр дурьдсан үндсэн элементүүдээс гадна бром, йод, фтор, фосфор, төмөр, хүнцэл, цахиур, лити, стронци, бари, манган зэрэг бичил элементүүд маш бага тунгаар ионы хэлбэртэйгээр оролцсон байдаг. Рашааны найрлаганд тодорхой хэмжээ ба харьцаатай оролцсон нэг буюу хэд хэдэн бичил элемент нь уг рашааныг өвчин анагаах онцгой чанартай болгодог. Иймээс эдгээр бичил элементийг биоидэвхт нэгдэл ч гэж нэрлэдэг. Зарим рашааны найрлагад хий /H 2S/ ба ион /HS -/ байдалтай хүхэрт устөрөгч хэдийгээр бага хэмжээтэй оролцсон байх боловч тэр нь уг рашааныг  өвчин анагаах чанартай болгож байгаа чухал бүрэлдэхүүний нэг нь юм. Иймээс хийн байдалтай хүхэрт устөрөгчийг биоидэвхт нэгдэлд тооцдог. Найрлагадаа тодорхой хэмжээний биоидэвхт элемент агуулсан рашааныг уул элементийнх нь нэрээр хүхэрт устөрөгчит, төмөрт, хүнцэлт, борт, фторт гэх мэтчилэн ангилдаг. Ямар ч нөхцөлд өөрөөсөө хасах, нэмэх цэнэгтэй ба цэнэггүй маш жижиг хэсгүүдийг байнга цацруулж байдаг уран, ради, радон зэрэг элементийг цацраг идэвхт чанартай гэдэг. Байгалийн ус ялангуяа рашаанд радон ба ради нилээд хэмжээгээр хуримтлагдах ба ямар ч рашаан дахь радоны хэмжээ нь түүн дотор байгаа бусад хийнээс маш хувийг эзлэхээс гадна анагаах чанар нь уг хийд байгаа биш харин түүний задралаар гарч байдаг α, β, гамма цацрагт байна гэж үздэг. Судалгааны үр дүн: Монгол орны рашаан шинэ төрмөлийн сэвсгэр хурдас, бялхмал хүрмэн чулуулаг, цэрд, эртний ба дунд төрмөлийн эх газрын гаралтай тунамал чулуулаг, эртний болон дунд төрмөлийн бялхмал чулуулаг, доод-хажуу, дээд-түрүү, анхдагч ба эртний доод төрмөлийн хувирмал чулуулаг, эртний анхдагч төрмөлийн үеийн хувирмал талстат чулуулаг, анхдагч-эрин төрмөлийн карбонатын чулуулаг, янз бүрийн настай тунамал чулуулаг зэрэг ус хуримтлуулах чулуулгийн хэв шинж, найрлагатай шүтэлцэн Монголын геологийн бүх хэв шинж гидрогеологийн формацуудад рашаан тархжээ. Байгалийн баялгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохистой ашиглахын тулд тухайн баялгийн тархан орших зүй тогтол, анги төрөл, чанар найрлагын онцлогийг илрүүлж түүний үндсэн дээр ангилалт, мужлалт хийдэг. Гэхдээ рашааны мужлалтын талаар олон маргаантай асуудлууд байдаг ба манай орны рашааны ангилалт, мужлалт олон янз билээ. Бид рашааны шинж чанарыг ерөнхий тоймлон халуун рашаан, хүйтэн рашаан гэж авч үзлээ. Халуун рашаан нь эртнээс мэдэгдэж байсан гайхалтай эдгээх чадвартай. Халуун рашааны байгалийн эх үүсвэрүүдийн ихэнх нь арьс, булчингийн тогтолцоо, дархлаа болон хүний биеийн бусад системд сайнаар нөлөөлдөг ашигтай эрдэс бодисын баялаг цогцолборыг агуулдаг. Халуун рашааныг зүрх судас, мэдрэл, үе мөчний өвчний үед түлхүү хэрэглэдэг. Хоол боловсруулах замын эрхтэний өвчний үед ч заримыг нь ууж хэрэглэдэг. Маш зөөлөн, шүлтлэг орчинтой рашаан ус нь арьсыг булбарай зөөлөн болгодог.

Эх өгүүлэл · 5 / 8

Монгол орны рашааны судалгааны тойм — хуудас 5
Хуудасны текст

Судалгаанаас харахад манай орны баруун хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ихэвчлэн халуун рашаан зонхилон тархсан бөгөөд халуун рашаан нь сул шүлтлэгээс шүлтлэг орчинтой, маш зөөлөн, цэнгэг устай, бага зэрэг хүхэрлэг хийтэй байна. Олон жилийн хэмжилт с удалгаагаар манай орны халуун рашааны температур 24°С-102.8°С, усны орчин сул шүлтлэгээс шүлтлэг (рН 8.3-9.0), исэлдэн ангижрах потенциаль эерэг, сөрөг утгатай, хүхэрт устөрөгч нь гипосульфатын хэлбэртэй, хийн бүтцэд азот зонхилох ба ион эрдсийн найрлагад карбонат, гидрокарбонат-карбонат, сульфат голлоно. Харин катионы найрлагад натри зонхилдог онцлогтой ба бараг бүх халуун рашаан маш зөөлөн (хатуулаг 0.1-0.4 мг-экв/л) устай, гидрокарбонат-карбонатын ба карбонатын рашаанууд сул эрдэсжсэн (0.5 г/л хүртэл), карбонат-сульфат, сульфат-карбонатын рашаанууд мөн л бага эрдэсжсэн (0.5 г/л-ээс хол хэтрэхгүй), сульфатын рашаанууд арай ахиу эрдэсжсэн (0.5-1.0 г/л) байна. Халуун рашааны өөр нэг онцлог бол фторын ион нэлээд хэмжээтэй агуулагддагт оршино. Ихэнх халуун рашаан хүхэрт устөрөгчийн хийтэй байх ба орчны шүлтлэг урвалд молекул нь гидросульфат ионы (Н2S) хэлбэрт орно. Халуун рашааны хамгийн гол өвөрмөц төрхийн нэг бол цахиурын хүчлийн агууламж их (50-220 мг/л) байдагт оршино. Цахиурын бүлгийн эрдэс чулуулгаас хамгийн их температуртай халуун рашаан гарах ба манай орны халуун рашааны энэ бүлгийн төлөөлөгч Шаргалжуутын рашаан юм. 2009 оны судалгаагаар уг рашааны үндсэн ундаргын температур 102.8°С хүрснийг тэмдэглэсэн байдаг [8]. Фото зураг 1. Шаргалжуутын халуун рашааны температу р Хүхэрт устөрөгчтэй Шаргалжуутын халуун рашааны боржин чулууны цулдам, тэдгээрийн хэмхдэс хоорондуур галт уулын /гейзер/ гаралтай чулуулгийн хүч түрэлттэй халуун ус газрын гадаргад ил гарч тунамал ан цав, нүх сүв, цементлэг үүсгэх учир илэрцийн байрлал солигдоно. Галт уулын цемент чулуу SiO 2 (79%) өндөр агууламжтай. Халуун рашааны эмчилгээнд температур, орчны шүлтлэг чанар, хүхэрт устөрөгч, цахиурын хүчил, фтор, карбонат, гидрокарбонат, сульфат-натрийн эрдсийн хам бүтэц орно. Рашаан усны физиологийн үйлчлэл үзүүлдэг үзүүлэлтийн нэг нь түүний орчин рН юм. Шүлтлэг орчинтой рашаан ус арьстай харилцан үйлчлэлцэж, уян хатан чанарыг нэмэгдүүлдэг учир арьсны олон өвчний үед тааламжтай үйлчилгээ үзүүлнэ. Рашааны цахиурын хүчлийн өндөр агуулга нь түүнийг эмчилгээнд хэрэглэх үндсэн үзүүлэлтийн нэг болно. Цахиур түүний нэгдлүүд нь симпатикометик үйлчлэл үзүүлдэг буюу өөрөөр хэлбэл солилцооны процесст нөлөөлөх чадвартай биологийн идэвхит бүрэлдэхүүнүүд юм. Цахиурт нэгдлүүд нь хортой нэгдлүүдийг устгах чадвартай. Тэдгээр нь паразитын эсрэг үйлчилгээтэй. Цахиурт нэгдлээр баялаг рашаан усыг дотуур хэрэглэх үед гэдэсний эсэлт багасдаг гэж үздэг [9].

Эх өгүүлэл · 6 / 8

Монгол орны рашааны судалгааны тойм — хуудас 6
Хуудасны текст

Нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашааны дундаж температур 0.5°С-14.5°С, нүүрсхүчлийн хийн агууламж 93.4-99.5%-ийг эзлэх ба хүчиллэг-сул хүчиллэг орчинтой (рН: 5.5-6.7), исэлдэн ангижрах потенциаль Eh: эерэг болон сөрөг утгатай, эрдэсжилт 0.6- 25.0 г/л хүрнэ. Судалгаанаас харахад говийн болон зүүн хэсгээр нүүрсхүчлийн хийтэй, ихэвчлэн давстай, хатуу, ялангуяа Дорнод тал руугаа 2 валентын төмөртэй рашаан байх ба говь руугаа рашаан нь ихэвчлэн урсацгүй, худаг хэлбэрээр гардаг онцлогтой байна. Химийн найрлагад гидрокарбонат, кальци-магни, натри, төмөр, гидрокарбонат-сульфат, магни-кальц, магни-натри, хлор-гидрокарбонат-сульфат, натри-магни-кальцийн хам бүрдэл зонхилно [9]. Ийм төрлийн рашаанаас өвөрмөц шинж чанартай зарим рашаануудыг дурьдвал, Эрдэнэтийн Баян-Өндөрийн рашаан хүчтэй хүчиллэг (рН-3.52), давстай (эрдэсжилт-3745 мг/л), маш хатуу (хатуулаг-11.35 мг-экв/л), төмөртэй (нийт төмөр-10 мг/л), химийн бүрэлдэхүүний хувьд хлорын ангийн, натрийн бүлгийн, 4-р төрлийн устай [6]. Харин Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт орших Үүртийн тохойн рашаан нь Оросын алдарт Кука, Нарзан шиг шинж чанартай, хүчиллэг (рН-6.08), давсархаг (эрдэсжилт-2665 мг/л), маш хатуу (хатуулаг-9.90 мг-экв/л), маш их хийтэй (нүүрсхүчлийн хий-1100 мг/л), химийн бүрэлдэхүүний хувьд гидрокарбонатын ангийн, натрийн бүлгийн, 1-р төрлийн устай байна [8]. Нүүрсхүчлийн хүйтэн рашааны эрдэс бодисын үүсгэл нь травертин чулуулаг болох ба энэ төрлийн рашаанд травертин чулуу өргөн тархсан ихээхэн талбайг хамран орших Халзан-Уул, Тогоо болон Монголын Өмнөд, Дорнод талын рашаанууд орно. Нүүрсхүчлийн хүйтэн рашааны химийн найрлагад төмрийн дутуу исэл, цахиурын хүчил, бор, бром, органик нүүрсхүчлийн нэгдэл, металл илэрдэг онцлогтой. Энэ төрлийн рашааны эмчилгээний ач холбогдол нь нүүрсхүчлийн хий (0.5-4 г/л), төмөр, бор, бром, сул хүчиллэг орчин, радон хий, гидрокарбонат, сульфат, хлор зэрэг эрдэс бодисын хам бүрдэлд оршино. Рашаан төстэй хүйтэн булаг ус Хангай, Хэнтийн нуруунд өргөн тархсан байдаг. Ийм ус гүний ан цаваар гарах ба химийн найрлагад нь нүүрсхүчил, хүхэрт устөрөгч, радон хий бага хэмжээтэй агуулагдана [9]. Манай орны хувьд рашаан сувиллыг төрөлжүүлж, хоол боловсруулах замын өвчнийг Жанчивланд, зүрх судас, эмэгтэйчүүд, үе мөчний өвчнийг Оргилд, зүрх судас, үе мөчний өвчнийг Хужиртад, баруун бүсийн аймгуудын зарим өвчтөнийг Отгонтэнгэрийн рашаан сувилалд эмчлэх гэх мэтчилэн хэлбэр, үе шатыг хүртэл нарийвчлан зааж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлуулсан pашаан сувилалд эмчлэх өвчний жагсаалт гарган мөрдөж, өвчтөнийг рашаан сувилалд илгээдэг байсан. Рашааныг их уугаад байвал сайн гэж ойлгож болохгүй. Эмчийн заавраар тааруулж уух хэрэгтэй. Ямар ч зүйл хэмжээнээсээ хэтрэхээр хор болдог. Ялангуяа хүнд өвчтэй, зүрх судасны өвчтэй хүнд муугаар нөлөөлж, өвчнийг нь сэдрээдэг. Жанчивлангийн рашаан нэлээд хүчтэйд тооцогддог учраас хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Ер нь рашаан уухад учиртай. Хүчтэй чанартай рашааныг байнга ууж болохгүй, харин рашаан төст булгийн хувьд өөр хэрэг. Хэлэлцүүлэг Олон жилийн судалгааны үр дүнг харьцуулж үзэхэд зарим рашааны шинж чанар өөрчлөгдөн хийн агууламж нь багассан байгаа нь уур амьсгалын өөрчлөлтөөс гадна буруу ашиглалттай ихээхэн холбоотой. Рашааны үндсэн шинж чанарыг алдагдуулахгүй тулд орчныг бохирдуулахгүй, онгон байдлаар нь хадгалж хойч үедээ үлдээх хэрэгтэй. Зарим рашаан төст булгийг орон нутгийн хүмүүс ходоод, дотрын элдэв өвчинд уудаг ба үүнийг буруутгах учиргүй харин орон нутгийн зүгээс үүссэн замаг болон бохирдлыг цэвэрлэх, хаяг тэмдэглэгээг сайн хийх, иргэдэд мэдээлэл өгч, зөв боловсон хэрэглэхийг

Эх өгүүлэл · 7 / 8

Монгол орны рашааны судалгааны тойм — хуудас 7
Хуудасны текст

санал болгож байна. Сэлэнгэ аймгийн Улаан булаг нүдний рашааны дэргэд “Мэлмий”-н зураг байрлуулсан нь рашаанчдад сүсэглэн бишрэх, хүндэтгэх хайрлах, бас болгоомжлох сэтгэгдэл төрүүлэхүйц, санаа авахаар ажил болсныг дурьдахыг хүсч байна. Рашааны судалгаанаас харахад ихэнх рашаан болон рашаан төст булгийн эхийг хашиж хамгаалсан боловч тэр бүр шаардлага хангахааргүй болжээ. Рашааны эхийг хамгаалах хашаа нь мал амьтан шөргөөх боломжгүй налуу (суурийг тавиу, дээшээгээ хумигдах маягаар) хийхэд газарт шон хатгах шаардлагагүй байж болохоор хийц загвар юм. Тухайлбал Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн нутагт байх Ар булгийн рашааныг ингэж хашиж хамгаалжээ. Фото зураг 2. Сэлэнгэ, Мандал “Улаан булаг” Фото зураг 3. Хэнтий, Батширээт “Ар булаг” Зарим рашааны эхийг хамгаалаагүй болон ор нэр төдий, шаардлага хангахгүй хашаалснаас рашааны гарц болон чанар муудах, түүний эргэн тойрон малын хөлөөр бохирдох, байгалийн гамшигт үзэгдлээс үүдэлтэй шороонд дарагдан хатаж ширгэх зэрэг эрсдэл үүсэх нөхцөл бүрджээ. Цаашид “ Рашааны шинж чанар хийгээд анагаах чадварыг шинжлэх ухаан болон уламжлалт анагаах ухаантай хослуулан цаг хугацаанаас хамааруулан иж бүрэн нарийвчлан судлах”-ын тулд нарийн мэргэжлийн судлаачид, үүнд ялангуяа анагаах ухаан талаасаа эмч нарыг оролцуулсан судалгааны баг бүрдүүлж, мониторинг судалгааг хийх, зарим бичил элементүүдийн агууламж өндөр байгаа нь тэдгээр нь хоорондоо хорших замаар тодорхой өвчлөлийн анагааж болох эсэх гэх мэт рашааны өвөрмөц онцлогийг тогтоох, эртний судруудад хэрхэн номолж, ашиглаж байсан талаас нь судлах, рашааныг паспортжуулах, төр, олон нийтэд сурталчлан таниулах зэрэг ажил хийх хэрэгтэй гэж үзэж байна. Ашигласан материал [1]. Смирнов В.А. “Аршаны Монголии” Монголын Комиссын бүтээлүүд №5. Ленинград 1932 он, хууд. 1-48 [2]. Намнандорж О., Цэрэн Ш., Нямдорж Ө. “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын рашаан” Улаанбаатар, 1966 он [3]. БОАЖЯ "Монгол орны рашааны тооллого, паспортжуулалтын ажил”-бн хүрээнд хийсэн рашааны шинжилгээний үр дүнгүүд. Улаанбаатар, 2009 он [4]. Жавзан Ч., Тэгшбаяр Н. “Монгол орны рашаан” Адмон хэвлэлийн газар. Улаанбаатар, 2024 он [5]. Генсхема комплексного использования и охраны водных ресурсов МНР.Улаанбаатар., 1975 он

Эх өгүүлэл · 8 / 8

Монгол орны рашааны судалгааны тойм — хуудас 8
Хуудасны текст

[6]. Жавзан Ч. “Орхон голын сав газрын гидрохими”. Мөнхийн үсэг хэвлэлийн газар. Улаанбаатар, 2011 он [7]. В.В.Иванов, Г.А.Невраев “Рашааныг үнэлэх үндсэн шалгуур” 1964 он [8]. Жавзан Ч. “Төвийн бүсийн Рашааны судалгаа” ажлын тайлан. Улаанбаатар, 2009 он, хууд. 1-75 [9]. Доржсүрэн П. “Рашааны физик, химийн шинж чанар” Улаанбаатар, 1980 он. хууд. 3-60